Хяналт шалгалтын мэдээ
Open Panel

2017.08.06

Эмийг зөвхөн эмчийн заавраар зохистой хэрэглэхээс гадна ямар хүнс ногоотой харш гэдгийг нь мэдэж хоолны тусгай дэглэм барих нь эмчилгээний үр дүнг сайжруулдаг. Ингээд ямар эмийг аль хүнсний бүтээгдэхүүнтэй хамт хэрэглэж болохгүй талаар зөвлөгөөг хүргэе

!

1.      Антибиотик (биомицин, тетрациклин гэх мэт)

Антибиотик ууж байх үедээ сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Учир нь сүү нь антибиотикийн нөлөөг бууруулдаг байна. Мөн спиртийн төрлийн ундаанаас татгалзах шаардлагатай. Аль болох жимс, ногоог хүнсэндээ хэрэглэж, исгэлэн хүнс, хийжүүлсэн ундаа, хуурай дарс, уксусаар амталсан аливаа бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхий.

2.      Антидепрессант буюу сэтгэл гутралын эсрэг тайвшруулах үйлчилгээтэй эм

Энэ төрлийн эмийн бэлдмэл нь ингибитор болон моноаминоксидаз агуулдаг тул бяслаг, даршилсан байцаа, цуу, үхрийн болон тахианы элэг, загас, иогурт, цагаан гаа, үзэм болон зөөхийтэй хамт хэрэглэхээс татгалзах. Эдгээр хүнсний бүтээгдэхүүнд агуулагддаг тирамин гэх ингибитор болон моноаминоксидазтай урвалд орсноор артерын даралтыг нэмэгдүүлэх үйлчилгээ үзүүлдэг байна. Мөн антидепрессант хэрэглэж байх үедээ спиртийн төрлийн ундаа, ялангуяа улаан дарснаас татгалзахыг хатуу санах хэрэгтэй шүү!

3.      Антикоагулянт буюу цус шингэлэх үйлчилгээтэй эм

Антикоагулянтын төрлийн эмийг цангис (cranberry) жимс агуулсан аливаа бүтээгдэхүүнтэй холихгүй байх хэрэгтэй. Учир нь цангис жимс нь антикоагулянт эмтэй урвалд орохдоо дотуур цус алдах эрсдэл үүсгэдэг байна.

4.      Аспирин

Аспириныг хоолны дараа аль болох их усаар даруулж уух хэрэгтэй. Аспириныг сүү болон цитрусын жимс (жүрж, мандарин гэх мэт)-ний шүүсээр даруулж ууж болохгүй. Сүү нь эмийн үйлчилгээг сааруулдаг бол цитрусын жимс нь аспиринтaй нийлэхээрээ ходоодны өнгөрийг гэмтээдэг.

5.      Өвчин намдаагч эм (пирамидон, амидопирин гэх мэт)

Өвчин намдаагч эмийг утаж боловсруулан хүнсний бүтээгдэхүүнтэй хэрэглэх нь эмийн үйлчилгээг бууруулдаг .

6.      Дааврын эм

Дааврын эм нь бие организмын бодисын солилцоонд сөргөөр нөлөөлдөг тул нөлөөг бууруулахын тулд сүү, сүүн бүтээгдэхүүн, загас, үзэм, хулуу, чангаанз хоол хүнсэндээ түлхүү хэрэглэх хэрэгтэй. Эдгээр хүнсний бүтээгдэхүүн нь уураг, калийн давс, витаминаар баялаг юм.

7.      Төмрийн бэлдмэл

Төмрийн бэлдмэлийг хэрэглэж байхдаа кофе, цай, гурилан бүтээгдэхүүн, чихэр, сүүн бүтээгдэхүүн болон самар хэрэглэхээс татгалзах хэрэгтэй. Эдгээр хүнсний бүтээгдэхүүн нь бие организмд төмөр шингэхэд саад болдог байна.

 

8.      Клофелин

Артерийн даралт бууруулах үйлчилгээтэй клофелин эмийг хэрэглэж байхдаа спиртийн төрлийн ундаанаас татгалзах хэрэгтэй. Спирт нь эмийн үйлчилгээг бууруулдаг бөгөөд даралт огцом өөрчлөгдөх сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй. Клофелиныг архитай хэрэглэсэн хүн ухаан алдах эрсдэлтэй тул энэ аргыг хулгайч, луйварчид дээрэм хулгай хийхдээ хэрэглэдэг байна.

9.      Шээс хөөх үйлчилгээтэй эм бэлдмэл

Шээс хөөх үйлчилгээтэй эм нь бие организмаас калийг гадагшлуулдаг тул калийг нөхөхийн тулд ногоон вандуй, бууцай, чангаанз, хүрэн манжин, сонгино, төмс, алим, лууванг хүнсэндээ түлхүү хэрэглээрэй!

10.  Үе мөчний эм, бэлдмэл

Эдгээр эм бэлдмэл нь ходоод гэдэсний үйл ажиллагаанд хүчтэй нөлөөлдөг. Ийм төрлийн эм ууж байхдаа хоолны хатуу дэглэм баримталдаг. Тухайлбал, түүхий ногоо, жимс, шарсан хуурсан хоол, мөөг, загасны шөл хэрэглэхээс татгалзах хэрэгтэй.

11.  Статин

Цусан дахь холестериныг бууруулах үйлчилгээтэй статиныг хаан жүрж болон адил цитрусын төрлийн жимстэй хэрэглэхийг хориглодог. Хаан жүржид агуулагдах бодис нь элэгний ферментийг зогсоодог тул статин нь задарч чадахгүй бөөгнөрсөөр яваандаа элэгний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг байна.

12.  Сульфаниламид (сульфадиметоксин, бисептол, сульфадимезин)

Нян, бактерийн эсрэг үйлчилгээтэй энэхүү эм бэлдмэлийг хэрэглэж байхдаа амьтны элэг, бөөр идэж болохгүй. Мөн цангис жимс, өөх тостой хүнс болон сахар, амтат зүйлсээс татгалзах хэрэгтэй. Аль болох их хэмжээний шингэн зүйлээр, ялангуяа шүлтлэг эрдэст усаар даруулж уух нь зүйтэй. Сульфаниламидыг уух үед шээс бага гардаг тул шээсний сувагт талст биетүүд бий болох эрсдэл үүсдэг. Иймд эм уух хугацаандаа жирийн үеэсээ илүү хэмжээгээр шингэн зүйл хэрэглэх хэрэгтэй. Өөх тос, сахар нь сульфаниламидын үйлчилгээг бууруулахаар гадна хоол боловсруулах үйл ажиллагааг удаашруулдаг байна.